Гэр бүлийн хөгжлийн асуудал

Гэр бүл гэж юу вэ?

Хүнийг нөхөн үйлдвэрлэх нийгмийн механизм бүхий цусан төрлийн холбоо болон гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан үүрэг хүлээж, туслалцан дэмждэг, нэгдмэл ахуй амьдралтай бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ.

Гэр бүл бол нийгмийн институт бөгөөд үндсэн хоёр хэлбэртэй.

1. Уламжлалт өргөжсөн буюу нийлмэл гэр бүл

Хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдарна.

2. Орчин үеийн буюу нуклеар гэр бүл

Эхнэр, нөхөр хүүхдүүдийн хамт амьдарна.

Мөн гэр бүлийг эхнэр, нөхөр хоёулаа байгаа эсэхээс нь хамааран бүтэн /эцэг, эх хоёулаа байгаа/, өрөөсгөл /эцэг, эхийн аль нэг байхгүй/, хүүхдийн тоогоор хүүхэдгүй, цөөн хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэж ангилахаас гадна гишүүдийн сэтгэл ханамж, харилцаанаас хамаарч хүчирхийлэлтэй, архины хамааралтай, зөрчилтэй, салсан, өв тэгш, гажуудсан, эрүүл, сэтгэл ханамжтай гэх мэтээр ангилдаг.

Гэр бүлийн альтирнатив хэлбэр.

Хамтран амьдархуй. Манай улсад 8 гэр бүл тутмын 1 нь хамтран амьдрагч байгаа ба хотод хөдөөнөөс 2 дахин илүү байна. Хамтран амьдрагчдын 70 гаруй хувийг 20-34 насны залуус эзэлж байна. Энэ нь нийгмийн сөрөг үр дагавар ихтэй үзэгдэл юм.

Ганц биеэр амьдрахуй. Гэр бүл салагсад, бэлэвсэрсэн хүмүүс, гэрлэж байгаагүй хүмүүс багтдаг. Гэрлэлт хожуусаж гэрлэлтийн дундаж нас сүүлийн 10 жилд 2,4-3 жилээр нэмэгдэж байна. Салалт нэмэгдэж нийт салалтын 60 хувь 30-40 насныхан байна.

Ижил хүйстэний асуудал. Англи, АНУ гэх мэт хэд хэдэн орнуудад ижил хүйстэний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа ч ихэнх орнууд гаж үзэгдэл гэж үзэж байна Манай улсад ижил хүйстэнүүдийн тоо хэмжээ нэмэгдэж нийгэмд асуудал үүсгэх хэмжээнд хүрээд байгаа нь нууц биш бөгөөд цөөн хүн амтай орны хувьд энэ нь ноцтой асуудал юм.

Гэр бүлийн үүрэг.

Гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэхээс нийгмийн ирээдүйн төлөв шалтгаална. Гэр бүл үүргээ биелүүлж чадах эсэх нь тухайн гэр бүлийн хөгжил, чадавхаас шалтгаална.

Гэр бүл дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэх ёстой.

1. Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг. Гэр бүл энэ үүргийг гүцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах ёс суртахууны хэм хэмжээг тогтоохоос гадна эцэг эхийн, эцэг эх хүүхдүүдийн, ахмад болон өсвөр үетэйгээ харилцах харилцааны соёл, хариуцлага, эрх үүргийн хэмжээг тогтоож хянаж байдаг.

2. Гэр бүлийн хүмүүжүүлэх үүрэг. Өсвөр болон залуу үеийг нийгэмшүүлэх, бие хүн болгох, хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зөв боловсон, зан суртахууны соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй.

3. Эв нэгдэлтэй байх үүрэг. Гэр бүлийн гишүүд бусдынхаа оюун санаа, эрдэм боловсролын хөгжлийг дэмжиж, эв нэгдэлтэй байж, нэг нэгнийхээ өмнө ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлах үүрэгтэй.

4. Нийгмийн нэр хүндийн үүрэг. Гэр бүл нийгэмд байр сууриа эзэлж , гэр бүлийн нэр төрийг өргөж явах үүрэгтэй. Үүний тулд гэр бүлийн гишүүд нэр төрөө эрхэмлэж, эрдэм боловсрол эзэмшиж дараа үеийхэндээ өв хөрөнгөө өвлүүлэх үүрэгтэй.

5. Гэр бүл чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх үүрэгтэй. Чөлөөт цагаараа сурч боловсрох, авъяас чадвараа нээж хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хамтын үйл ажиллагааг явуулах үүрэгтэй.

6. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Гишүүд матераиллаг хэрэгцээгээ хангаад зогсохгүй бусаддаа оюун санаа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, хүний баяр баясгалан аз жаргалын хэрэгцээг хангах, эрсдэлээс нэгнийгээ хамгаалах үүрэгтэй.

7. Нөхөн үржихүйн үүрэг. Гэр бүл нөхөн үржихүйн үүргээр үр удмаа үлдээж нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн үүрэг гүйцэтгэдэг.

8. Эдийн засгийн үүрэг. Нийгмийн баялгийг үйлдвэрлэхэд гэр бүлийн гишүүд оролцох үүрэгтэй ба мөн гэр бүлийн эдийн засгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах үүрэгтэй.

Гэр бүл дээрх үүргүүдийг биелүүлж чадаж байвал хөгжсөн бөгөөд чадвахжсан гэр бүл гэж тооцож болно.

Монгол хүний амьдрал улам бүр олон талтай, баялаг утга агуулгатай болж амьдралын чанар нь ерөнхийдөө сайжрах хандлагатай болсон хэдий ч гэр бүлүүдийн багагүй хэсэг нь ядуу зүдүү, эмзэг байдалд амьдарч хэрэгцээгээ хангаж чадахгүй үүргээ биелүүлж чадахгүй байсаар байна.

Тэгвэл энэ байдлаас яаж гаргах вэ?

Хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн сургалт, эрүүл мэнд зэрэг нийтийг хамарсан хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Бүх гэр бүлүүдэд хамарсан үйлчилгээ байх нь зөв боловч эрсдэлтэй гэр бүлүүдэд зориулагдсан тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа илүү тодорхой байх ёстой. Ажилгүйдэл нийгэм даяар ядуурлын гол шалтгаан болж байна. Энэ мөн ёс суртахууны уналтыг даамжируулж байна. Суурин газрыг бараадсан их нүүдэл гэр бүлд сайн сайхан байдлыг авчирахаасаа илүү сургууль завсардалт, өвчлөл, ажилгүйдэлийг бий болгож байна. Тоочвол олон асуудал байгааг бид мэднэ.

Дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засгийн хямрал нь нийгмийн бодлого, нийгмийн хамгааллын стратегийг хэрэгжүүлэхдээ гэр бүлийг чадваржуулах үзэл баримтлал дээр тулгуурлах шаардлагатай гэдгийг тодорхой харуулж байна.

Өөрөөр хэлбэл гэр бүл өөрийнхөө нөөц чадавхийг тодорхойлж түүнийгээ хөгжүүлэн нэг ёсны өөрийнхөө хувь заяаг хянах үзэл дээр тулгуурлах явдал юм.

Гэр бүлийг чадваржуулахын гол зорилго нь гэр бүлд цаашид хөгжих өсөх хангалттай эх үүсвэр бий болгоход оршино.

Гэр бүлийг чадваржуулах нь гэр бүлд чиглэсэн үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго байх ёстой. Гэр бүлд чиглэсэн хөтөлбөрүүд нь тухайн гэр бүлийн давуу талыг тодорхойлж өөрсдөөр нь зорилго тавиулан гадаад болон дотоод орчин эх үүсвэрийг нэмэгдүүлэн гэр бүлийн гишүүн бүрийн асуудалд анхаарлаа хандуулан зөв зохион байгуулалттай бодит эмчилгээний тусламж үзүүлдэг.

Жишээ нь Гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны байдал нь нийгмийн дарамттай холбоотой байдаг.

Дарамттай орчинд байгаа гэр бүлийн гишүүдийн хэн нэгийг олон нийтэд хамааралтай ажилд оруулсанаар гэр бүлийг өөрчлилж болно.

Гэр бүлийн гишүүдийн өөрийгөө үнэлэх үнэлгээг нэмэгдүүлэх, үзэл бодол ерөтнцийг үзэх үзэл, мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэх, өөрчлөх замаар ахуй байдлыг өөрчилөх нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хөгжсөн орны туршлага харуулж байна.

Энэ юу гэсэн үг вэ?

Нийгмийн ажилтнууд-хөгжлийн ажилтан байдаг.

Гэр бүлийг хөгжүүлэх, чадавхжуулахын тулд хүний хөгжлийг дэмжих ёстой.

Монгол хүн оюуны хоосрол, оюуны ядуурал, ёс суртахууны уналтанд орсон явдал нь бүх л зүйлийн хаалт болж байна.

Иймд гэр бүлд чиглэсэн үйлчилгээний төвд хүний хөгжлийн асуудал гол байр эзлэх шаардлагатай байна. Гишүүдийн хөгжил, өөрчлөлтөөр дамжуулж тухайн гэр бүлийн асуудлыг шийдэх нь оновчтой бөгөөд үр дүнтэй арга юм.

Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогод “Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, уламжлал, өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй мөн.” гэж тодорхойлсон байдаг.

Монгол улс XX зуунд орчин үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн бүхий л салбаруудыг хөгжүүлж, хүн арддаа нийгмийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх болсноор түүхэн асар богинохон хугацааны дотор хөгжлийн олон зуун жилийн хоцрогдлоо даван туулсан юм. Өнгөрсөн зуунд нярайн эндэгдэл 15 дахин, эхийн эндэгдэл 80 дахин буурч, хүн амаа 4 дахин өсөх нөхцлийг бүрдүүлж, эрүүл мэндийн гол үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудын дотор дээгүүр түвшинд хүрч чадсан.

XX зуунд Монголчуудын олсон гайхамшигтай ололт, амжилтуудын нэг бол тус улсын хүн ам түргэн хурдацтайгаар өсч, дундаж наслалт уртассан явдал мөн.

1990-д оноос хойш Монголд олон ургальч үзэл, ардчилал, зах зээл, эдийн засгийн олон хэвшил хөгжих үндэс суурь тавигдсан ч шилжилтийн үеийн хямрал, бэрхшээлүүдийн улмаас хүний амьдрах орчин нөхцөл муудаж, хүний хөгжлийн үзүүлэлтүүдэд ухралт гарсан.

1990 оны байдлаар Монгол улс 0,737 гэсэн индекстэйгээр хүний хөгжлийн түвшингээрээ дэлхийн 130 орноос 61-р байрт орж байсан бол, 2006 оны байдлаар 0,720 гэсэн индекстэйгээр дэлхийн 179 орноос 112-р байрт орж, шилжилтийн үеийн эдийн засгийн хямрал, амьжиргааны доройтлоос болж үлэмж хэмжээгээр хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүд буурсан байна.

 Хүний хөгжлийн хэмжүүр үзүүлэлтүүд

Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийн хүрсэн

түвшинг тооцох нийлмэл хэмжүүр юм. Үүгээр

тухайн улсын суурь гурван хэмжүүрийн түвшинг

тогтоодог.

  • Эрүүл урт удаан амьдралын түвшинг дундаж наслалтаар тооцно.
  • Боловсрол,мэдлэгийн түвшинг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт (2/3 жинтэй), анхан, дунд, дээд боловсролд хамрагдалтын хувь(1/3 жинтэй) гэсэн үзүүлэлтээр тооцно.
  • Амьжиргааны түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр /худалдан авах чадварын тэнцлээр ХАЧТ/ тус тус төлөөлүүлэн авч үзнэ.

Хүснэгт 1.1

Үзүүлэлт

Хамгийн дээд утга

Хамгийн доод утга

Төрөлтөөс тооцсон дундаж наслалт

85

25

Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт/15 ба түүнээс /

100

0

Бүх шатны боловсрол хамрагдалтын түвшин

100

0

Нэг хүнд ногдох ДНБ /ХАЧТ ам доллар/

40 000$

100$

ХХИ-н үзүүлэлт бүрийн индексийг дараах ерөнхий томьёогоор тооцдог.

Бодит утга - Хамгийн доод утга

Индекс=

Хамгийн дээд утга –Хамгийн доод утга

Монгол Улсын ирээдүйн хөгжил, залуусын эх орноо авч явах чадварт юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хүн бүр хариулах цаг иржээ.

Хариулт : Хүний хөгжил - Үүний тулд гэр бүлийн хөгжил

Шинэ үеийн зөв төлөвшлийг бий болгохын тулд гэр бүлийг чадавхжуулах шаардлагатай юм.

Манай улсын эдийн засгийн өсөлт ажлын байр бий болгох гол үүргээ хараахан биелүүлж чадахгүй байна, бий болгосон ажлын байр нь бүтээмж, цалин хөлс багатай учраас айл өрх, хүмүүсийг ядуурлаас гаргах орлогын эх үүсвэр болж чаддаггүй, ажиллах таатай нөхцөл бололцоо бүрдүүлдэггүй, ядуучууд олноор амьдардаг газар нутагт тэдэнд тохирох ажлын байр ховор, ажлын байр байсан ч ядуу хүмүүст тухайн ажлыг хийх мэдлэг, чадвар дутмаг байдаг.

Нийгмийн эмзэг давхрагынханд нэг л боломж байдаг. Юу вэ?-

Тэдэнд байгаа ганц нөөц баялаг болох чадавхийг нь ашиглах.

Юу хийж хэрхэн яаж гэдгийг л нийгмийн ажилтан, тэдэнтэй ажилладаг мэргэжилтнүүд зааж өгч, чиглүүлж ирээдүйн амьдралынх нь эх үүсвэр, галыг асааж өгөх ёстой. Оюун ухаан, мэдлэг боловсрол, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж тэдний хөгжлийг дэмжих шаардлагатай.

Хүний нөөц чадавхийн хөгжил


Хүний нөөц чадавхийн хөгжил нь байгалиас заяасан төрөлхийн биологи уг чанар, онцлог хэв шинжээ судалж танин мэдэх, нээн илрүүлэх, хөгжүүлэн чадваржуулах, улмаар олон талт чадварын хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл явц юм. Хүний нөөц чадавхийг хөгжүүлэн чадваржуулах үйл явц нь хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн дунд түвшингийн хурдацийг нэмэгдүүлэх, өөрийн тогтвортой хөгжлийн өсөлтийг нөхцөлдүүлдэг . Энэ нь өргөн утга агуулгаараа хүн өөрт байгаа нөөц болмжоо ашиглан ахуй амьдралаа дээшлүүлэх үйл явц юм.

Гэр бүлийн гишүүдийн дараах чадавхийг нэмэгдүүлж, хөгжүүлж ажилласнаар тэдний амьдралыг өөрчилж болно.
Оюун ухааны чадавхийн хөгжил:
Ажиллах хүчний чадавхийн хөгжил:
Амьдрах ухааны чадавхийн хөгжил:
Хүнлэг чанар, хүмүүн шинжийн хөгжил:

Эрүүл сэтгэлгээг дэмж.

Хүн төрөлхтөний түүхээс онцолж үнэлэхүйц тодорхой зүйл нь сэтгэх эрх чөлөөг бий болгож, оюун ухааныг үнэлж чадсан улс орон хөгжсөн гэдгийг бидэнд баталдаг. Нэг ёсны хөгжлийн эх үндэс бол хүний эрүүл сэтгэлгээ юм. Хүний уураг тархи бол хүн төрлөхтөний хөгжлийн загвар юм.

Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө олохоос эхэлдэг. Сүүлийн үед нийгэмд өөрийнхөөрөө байх, өөрийгөө олох, өөрийгөө танин мэдэх тухай асуудал маш ихээр яригдаж олны анхаарлыг татаж байна. Шнжлэх ухаан болоод, философийн аль аль нь “Хүн төрөлхтөн өөрөөсөө бусад бүх зүйлийг хангалттай судалсан боловч өөрийгөө судлалгүй үлдээжээ. Тиймээс хүн төрөлхтөний танин мэдэхүйн оргил нь хүн өөрөө өөрийгөө таних явдал юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эерэг сэтгэлгээ бол эрүүл сэтгэлгээний түнш нь байдаг. Бүхий л зүйлийг хараар будаж эхэлж байгаа бол түүний амьдрал тэр чигээрээ хар бараан болохын дохио. Ингэснээр эрүүл сэтгэлгээ, итгэл найвар алга болж байгаа хэрэг. Хүмүүс хар бараанд биш гэрэл гэгээнд дуртай байдаг нь хүний төрөлхийн мөн чанар юм. Нэгэн дасгалжуулагч өндрийн харайлтын тамирчиндаа “Хөндлөвч дээгүүр эхлээд сэтгэлээ давуулж шид. Дараа нь бие чинь аяндаа гарах болно” захиж хэлсэн шиг гэгээлэг бодол эерэг хандлаг, итгэл найдвар бүхэн амьдралыг чиглүүлдэг хүч нь байдаг.

Улаанбаатар дээд сургууль

Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор Б. Оюун-Эрдэнэ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

НҮБХХ хүнй хөгжлийг хэмжих үзүүлэлт (хувьсагчуудыг) 2011 онд өөрчлөгдсөн. иймээс хүний хөгжлийн хэмжүүрийн хувьсагчуудыг шинэчлэн бичээрэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)